Байгалийн өвөрмөц нөхцөл, нэн ялангуяа далайн давалгаа, газар хөдлөл , үер зэрэг нь япончуудыг бат бэх бөгөөд арвич хямгач, өөрөөр хэлбэл цомхон хэрнээ тохитой барилга байгууламж бүтээх санал тавьж байлаа. Эртнээс модыг барилгын гол материал болгосон нь хөнгөн авсаархан, хануудыг нь улирлын байдалд тохируулан өөрчлөх зэрэг давуу талтай байв. Ихэнх тохиолдолд барилга газраас хөндий, модон тулгуур дээр байрлах нь доргилт чийгнээс хамгаалах зориулалттай юм
Барилгын дотор ханууд чөлөөтэй хөдлөх зохион байгуулалттайн дээр цонхны шилийг нимгэн цаас орлож байсан нь хурц нарыг өрөө рүү жигд зөөлнөөр тусгах боломжийг олгов. Хөдөлгөөнт ханын ачаар барилгын дотоод орон зайг хүссэнээрээ өөрчилж, олон цөөн эсвэл уужим, жижиг тасалгаануудтай болгох боломжтой аж. Хуучны барилгаас цөөн тоогоор хадгалагдан үлдсэнээс хамгийн эртнийхд Исе дахь сүмүүд орно. Цогцолборын хоёр жижиг модон сүмийн нэгийг нарны бурхан Аматирасу , нөгөөг ургацын бурхан Тоёукед зориулжээ.
6р зууны дундуур Японд анхны улс бүрэлдэн тогтсон ба энэ үед хятадаас солонгосоор дамжин ирсэн дэлхийн шашны нэг Буддын сургаал номлол дэлгэрч байлаа. Буддын шашин нь зөвхөн нийгмийн шинэ үзэл суртлыг тээгч төдийгүй урлагийн шинэ хэлбэрүүдийг авчирчээ. 7р зууны эхний он жилүүдэд баригдсан Хорюзигийн сүм уран барилгын цогцолбор өнөөг хүртэл хадгалагдан ирсэн байна. Түүний төв нь өмнө талдаа хаалгатай , хойд талдаа номлолын танхимтай , саравчин дээвэрт байшингаар хүрээлэгдсэн тэгш өнцөгт байгууламж юм.
Түүний дотор талд 32м өндөрт 5 давхар Кондо буюу алтан танхим хэмээх сүм байрлана. Хорюзигийн цогцолборын гоо сайхны гайхамшиг нь хөнгөн дэгдэх мэт тэнгэр өөд тэмүүлэх хөдөлгөөн ба Буддын шашны сансрын бэлгэдэл есөн цагираг бүхий ганжраар төгссөн сүмийн дээвэр гэсэн хоёр өөр хэлбэрийн зохицол гайхалтай тэнцвэртэй байгаад оршино.
8р зууны эхээр Японы анхны байнгын нийслэл Хэйзё-ке |ертөнцийн цайз| хот буюу өнөөгийн Нара байгуулагджээ. Урьд нь орон нутгийнхны заншлаар шинэ хаан суудалд суух болгондоо нийслэлээ зөөдөг байв. Хотыг хятадын нийслэл Чаньян |өнөөгийн Сиань хот| хотын загвараар барьжээ. Энэ үеийн уран барилгын нэг гайхамшиг бол Тодайзи | Дорнодын агуу их сүм | хэмээх цогцолбор юм. Уг байгууламж улсын гол ариун сүм гэгдэх ба Будда Бирузана | бүхнийг гэгээрүүлэгч гэрэл| -гийн баримал бүхий гол танхимтай. Энэ цогцолбор зуун зууны туршид эвдэгдэн нурж байсан ч дахин сэргээгдсээр өнөө үед эргэн ирсэн бөгөөд маш сүрлэг харагдана. 794 онд Япон улсын нийслэл Хэайн-ке \энх амгалан ба энх тайвны нийслэл\ буюу өнөөгийн Киото хот нь мөн хятадын загвараар байгуулагдсан байна. Нийслэлийнхээ нэрээр энэ эрин үе Хэйан \794-1185\ хэмээн нэрлэгджээ. Хэйан үеийн язгууртнуудын уран барилга бараг хадгалагдаж үлдээгүй ч 1053 онд баригдсан “ Галт гарьдын сүүдрэвч” хйицээрээ уран сэтгэмжийн шувууг санагдуулахын дээр тухайн үеийн уран барилгын хөгжлийг тодорхойлно.
12р зууны хоёрдугаар хагаст засгийн эрхийн төлөөх тэмцэл хоёр томоохон гэр бүлүүдийн хооронд явагдаж өөрийгөө сёгүн буюу улс орны захирагчаар тунхагласан цэргийн жанжин Минамото Ёритомо-н ялалтаар дуусжээ. Цэргийнхний “буси” хэмээдэг, европынхон “самурай” гэж нэрлэсэн ноёрхол улс оронд эхэлснээр Япон орны нийгэмд болон урлагт шинэ үзэл бодол, туйлын хүсэл зорилго үүссэн аж. 12-13р зууны уран барилгад язгууртан ноёдын хоорондын тэмцэл, дайн тулаанаас болж эвдэрч хурсан хуучин нийслэл Хэйдзё-кё хотын байгууламжуудыг дахин сэргээв. Ингэж 1199 онд Тодайзи цогцолборын өмнөд Их хаалга болон гол сүм баригдсан байна. 14-15р зууны уран барилгад Зэн буддын \бясалгал\ сургаалтай холбогдон шинэ амьсгал болж иржээ. Энэ номлолын дагуу байгальд зөвхөн цэнгээд зогсохгүй түүнээс ертөнцийн байгуулалтын ерөнхий хуулиудыг олж харах гэж эрмэлзэх болов. Зэнгийн сургаал ёсоор байгаль өөрөө “Будда багшийн бие” бөгөөд төгс төгөлдөр цогцос хэмээн тооцогддог. Байгальтай харьцсанаар үнэн ба гэгээрэлд хүрэх замыг олж болох аж. Зэнгийн сүм хийдүүдийн чухал шинэлэг зүйл нь онцгой бэлгэдэл болох цэцэрлэгжүүлэлттэй болсон явдал болно. Ийм цэцэрлэгийг жижгэвтэр талбай дээр боловч бясалгагч хүнд алс тэртээг санагдуулсан уудам орон зайн сэтгэгдэл төрүүлэхээр мод, бут, чулуугаар байгуулна. Зэнгийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэцэглэж байгаа ургамлууд ерөнхийдөө байгаагүй. Ийм цэцэрлэгийн зохиомж нь хэмжээ болон хэлбэрээр нь нямбай сонгож авсан байгалийн дүрслэлүүд юм.
Тухайлбал, усыг жинхэнэ хүрхрээ юм уу, эсвэл горхи шоржигнон урсаж байгаа мэтээр, түүнчлэн ямар нэг тогтоцыг санагдуулам элс хайргаар бүтээдэг ажээ. Зэнгийн хамгийн алдартай цэцэрлэгт мандал Киото хотод байдаг. 15р зууны хоёрдугаар хагаст бүтээсэн Рёонзи цэцэрлэгт мандал бол цагаан хайргаар хучигдсан тэгш өнцөгт талбай юм. Түүн лээр тав, хоёр, гурав, хоёр, гурав гэсэн тоогоор чулуунуудыг хэсэг хэсгээр бөөгнөрүүлэн байрлуулсан байна. Бүгд арван таван чулуу байдаг. Хэсэг бүр өтгөн ногоон хөвдөөр хүрээлэгдэнэ. Саравчтай тагтны аль нэг цэгээс цэцэрлэгийг харж бясалгахад зөвхөн арван дөрвөн чулуу л үзэгдэх бөгөөд энэ нь гадаад энгийн байдлын дотор ямар нэгэн ер бусын бөгөөд далд зүйл агуулагдан байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэдийгээр цэцэрлэгт цаг хугацаагөөрчлөгч ямар ч зүйл байхгүй боловч жилийн улирал болгонд төдийгүй өдөр тутам янз бүр байдаг .
Японы мандлуудын өөр нэг төрөл нь 15 р зууны эцэст үүссэн цайны ёслол тян-тай холбоотой тянава\цайны цэцэрлэгт мандлууд\ болно. Цайны ёслолд зориулан хөдөөгийн жижигхэн байшин буюу загасчны оромжтой төстэй авсаархан асар байгуулах болжээ. Асарт зориудаар зассан цэцэрлэгт мандлаар дамжин хүрэх бөгөөд цайны цэцэрлэгт мандлыг тайван, өдөр тутмын амьдралаас холдсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээдэг байна. Японы ийм цэцэрлэгт хүрээлэнгийн урлаг нь дундад зууны үеийн уран сайхны чухал нэлтүүдийн нэг юм. 1543 онд анх удаа европууд ирж японуудтай танилцсан хийгээд 16р зуун Японы олон улсын харилцаа өргөжсөн цаг үе болно. Европууд бат бөх шилтгээн цайз барихад японуудад тусалсан бөгөөд язгууртнууд , отог овгуудын хоорондын дайны цаг байсан тул эхлээд хамгаалалтын зориулалтаар, хожим нь томоохон феодлууд өөрийн эзэмшлийн голд ахуйн зорилгоор барьж байгуулдаг болжээ. Цайзын ура барилгын хамгийн их цэцэглэлтийн үед Химэдзи \1601-1609\ цайз баригдасан бөгөөд цамхаг ба Цагаан дэглийн хананууд зэрэг нь хамгийн цав цагаан цайзуудын нэг болно. түүний олон давхар хотгор дээвэр үнэхээр тэнгэр өөд цойлох шувуудыг санагдуулах ажээ. Цаашид дотоодын дайн намжиж шилтгээн цайзууд улам л ордон шинжтэй болсоор эцэст нь феодлууын орд харш болж хувирсан байна. Киото дахь Низе сёгүний гоёмсог цайз ба Киото-гоос холгүй хотын захад орших Кацурын хааны цогцолбор ордон бол 17р зууны эхэн үеийн японы уран барилгын гайхамшигт бүтээлүүд мөн.